When the weather is fine

Tuchkaanaa
2 min readApr 25, 2021

Can’t you make it rain for me?

2021–04–25

Санаж байна уу? Орой зайрмагтай очно гэж хэлээд ирээгүй тэр өдрөө? Илүү чухал ажил гарсан эсвэл зүгээр л хүсэхгүй байгаа бол ирэхгүй байсан нь дээр гэж би өөрөө ч боддог л байсан. Жаахан хүүхдүүд биш шүү дээ. Хоёулаа энэ тал дээр зуун хувь санал нийлдэг хүмүүс. Би ч гэсэн чамтай товлосон уулзалтуудаа мянган удаа цуцалж байсан байх. Гэхдээ л зургадугаар сарын тэр өдрийг санаад байдаг юм. Зургаан цаг хүлээсний эцэст шийдсэн болохоор тэр байх. Хоёулаа бүтэхгүй юм байна гэж. Би ч гэж би. Чамаас ирэх юм уу гээд ганц асуучхаж болоогүй л юм байхдаа.

Үнэндээ би тийм ч их зүйлийг хүсдэггүй. Гутрах, баярлах, аялах, хооллох бас өвдөхийг ч гэсэн ганцаараа хийчхэж чадна. Тийм ч их цаг бас хайрыг шаардахгүй. Гэхдээ намайг чухал бус мэт санагдуулах, ганцаардуулахыг зөвшөөрөхгүй. Мэдрэмж нь миний дотоод асуудал гэдгийг мэдэж байнаа. Гэхдээ би өөрийнхөө хайрын хэлээр хайрлуулах эрхтэй гэж бодож байна. Бодож байна ч биш. Баттай мэдэж байна. Чиний хайрын хэлэнд романтик зүйлсийг утгагүй гэж үздэг байлаа ч надад чухал учраас бас чухалчилдаг байхыг л хэлээд байгаа юм.

Даахаасаа илүү ачааг дурандаа гүйж очиж үүрчхээд дийлэхгүй байна гээд тасралтгүй гонгинохыг минь тэвчээртэй сонсож дуусгаад духан дээр үнсэхэд чинь мэдэрсэн юм. Чи л байвал хангалттай юм байна гэдгийг. Ухамсаргүйгээр хамтын ирээдүйгээ төсөөлчихдөг юм байна гэдгээ анзаарсан. Нэг л өдөр “Ажлаасаа залхчихлаа. Би ер нь Япон явж буддын сүмд суулаа” гээд үсээ хусуулчхаад ороод ирвэл “Алдаг гар шүү. Тэгээд хэр удах юм?” гэхээс өөр үггүйгээр хүлээн авна гэдгийг чинь мэддэг учраас надад тухтай байдаг байх.

Хааяа хүмүүсийн асуугаад байдаг нөгөө бидний тухай ядаргаатай асуултыг нь эргэцүүлж үздэг л юм. Хамгийн тэнэг нь аль цагдээр хариулахаа ч мэдэхгүй юм байна лээ. Байсан бас байгаагүй. Байгаа бас байхгүй. Байсаар байх боловч байх үгүйг нь бас мэдэхгүй.

Тэр ч яахав. Өнөөдөр анхны бороо орлоо. Гадаа хүйтэн байх шиг байна. Нар гарсан бүтэнсайн өдөр би дугуйтай болзоонд явна гээд зөвшөөрчихсөн байгаа. Гэхдээ тэр өдөр чи бороо оруулчхаж чадахгүй юу?

Love,

Tuchkaanaa ❤

--

--